Tuesday, June 14, 2011

ЧИХ ХАМАР, ХООЛОЙН ӨВЧИН СУДЛАЛ

ХАМАРТ НУНТАГ ЭМ ЦАЦАХ
1. Заалт: Хамар,хамрын дайвар хөндийн цочмог болон архаг үрэвслүүд
2. Шаардлагатай зүйл: Нунтаг эм цацагч,нунтагласан эм.
3. Эм цацах технологи: Эмнэлгийн нөхцөлд антибиотик ба үрэвсэл,харшлын эсрэг эмүүдийг тусгай цацуураар хамрын хөндийд цацдаг. Цацагч байхгүй нөхцөлд гарын доорхи материал ашиглан төвөггүй хийж болно.Гэр орны нөхцөлд сайтар нунтагласан эмийг бага багаар, хамрын тамхи татаж байгаа юм шиг хамартай ээлжлүүлэн татна.
4. Анхаарах зүйл: Эмийн харшлаас болгоомжлох хэрэгтэй.

ХАМАРТ ШАВШЛАГА ХИЙХ
1. Заалт: Хамрын хатиг , хамрын арьсны үрэвсэл, хамрын ёлом, батга , намарс, сикоз
2. Шаардлагатай зүйл: Шавшлага хийх уусмалууд ба самбай.
3. Үйлдлийн технологи: Гадна хамар болон хамрын үүдэвчинд хатиг гарсан үрэвсэл үүссэн, хавагнасан тохиолдолд янз бүрийн ариутгах уусмал болон хлорт натрийн 10 хувийн уусмалаар шавшлага хийдэг. Шавшлага хийх уусмалаа бага зэрэг самбайд шингээн хамар дээр тавина. Хэрэв үүдэвчинд тавих бол уг уусмалтай самбайг хамрын нүхэнд хийнэ. Уусмалтай самбай хатсан үед шавшлага дууссанд тооцно.
4. Анхаарах зүйл:Хамрын арьс хэт цочрохоос болгоомжлох хэрэгтэй.

ХООЛОЙД БҮЛЭЭСГЭХ БООЛТ ХИЙХ, БИГНҮҮР ТАВИХ
1. Заалт: Ангина, залгиурын үрэвсэл, эрүүний доорхи булчирхай үрэвсэх гэх мэт залгиурын үрэвсэлт өвчний үед хоолойд бүлээсгэх боолт, бигнүүр тавих нь их сайн үр дүн өгдөг.
2. Эсрэг заалт: Хоолойд байгаа хортой болон хоргүй хавдрын үед бигнүүр тавихгүй.
3. Шаардлагатай зүйл: 38-42 градусын архи, эсвэл ямарч спиртийг тал хувь устай хольж хэрэглэж болно.Самбай, ус уудаггүй цаас буюу полиэтилен хуудас,ороох материал
4. Үйлдлийн технологи: Хоолойд бүлээсгэх боолт хийхдээ чихний омогноос доош эрүүний өнцөг, эрүүний ирмэгээс бамбай,мөгөөрс хүртэлх орчинд зузаан хөвөн тавиад дээгүүр нь самбай болон өөр бусад зүйлээр орооно. 4-5 давхарласан самбайг архи эсвэл найруулсан спиртэнд дүрээд базаж чийгтэй болгоод чихнээс доош эрүүний өнцөг ирмэгээсдоош нөгөө тал хүртэл тавиад түүнийгээ ус уудаггүй цаас болон полиэтиленээр хучаад дээр нь нэлээд зузаан хөвөн тавиад смамбай болон бусад материалаар орооно. Бигнүүрийг 6-12 цаг байлгаж болно.
5. Анхаарах зүйл:Арьс цочирч түлэгдэхээс болгоомжилно.

ХООЛОЙ ЗАЙЛАХ
1. Заалт: Ер нь хүн бүр өглөө босоод нүүр гараа угаадаг шиг өглөө бүр, хоол унд идсэний дараа , ам хоолойгоо усаар зайлж сурах хэрэгтэй. Энэ нь шүд амны хөндий хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд чухал арга хэмжээ юм. Эрүүл хүн том балга ус амандаа балгаад толгойгоо гэдийлгэн хамраар амьсгалаа авч амаар амьсгалаа гаргахдаа хоржигнуулан хоолойгоо хүчтэй зайлна. Нэг дор 10-15 удаа ихгэж зайлбал шүд, ам хоолойд наалдаж хуримтлагдсан зүйлүүд гарч ам хоолой цэвэршинэ.Ялангуяа ам гашилдаг,өглөөд амнаас муухай үнэр, амт гардаг тохиолдолд заавал зайлж байх шаардлагатай. Зарим үед хоолой,хамар хоёроо хамт угааж болно.Үүний тулд уусмалаа хамраар татаж хоолой руу оруулах маягаар угаана. Хоолой өвдсөн тохиолдолд хоолой зайлах уусмалаа бүлээсгэх хэрэгтэй.Эцэст нь усаа амандаа балгаад гэдийлгүй зөвхөн амны хөндийг зайлж, шүдээ угаах хэрэгтэй.

ХООЛОЙД ЭМ ТҮРХЭХ
1. Заалт: Залгиурын салст бүрхэвчийн цочмог ба архаг үрэвсэл ялангуяа хоолой татаж, цэр тогтох,байнга хахирч гудчих
2. Шаардлагатай зүйл: Хоолойд түрхэх тосон болон усан эм, тахир зонд, хөвөн,шингэн эм цацагч / пульверизатор/
3. Үйлдлийн технологи: Хоолойн зонд буюу савхны үзүүрт хөвөн ороогоод түүнийгээ эмэндээ дүрээд өвчтөний хэл дээр дарж байгаад баруун гартаа барьсан эмтэй зондоор залгиурын ар ханыг дороос нь дээш арчин улмаар зөөлөн тагнайн араар нармайг арчин дараа нь доошлуулан багалзуурын ар ханыг арчина. Ингэж арчих үед өвчтөн амьсгалаа түгжсэн байвал зүгээр байдаг. Шингэн усан эмийг хоолойд пульверизатораар цацаж болно. Шингэн эм цацах үед өвчтөн амьсгалаа гүнзгий авна.
4. Анхаарах зүйл: Хоолой арчих эмийн шошгыг харж, эмийн зааврыг унших хэрэгтэй. Хоол идэхээс 0,5-1 цагийн өмнө хоолойд эм түрхэх нь ашигтай.

ХООЛОЙ УТАХ
1. Заалт: Залгиур, төвөнхийн өнгөц эмгэгүүдийн үед хоолойг сод, антибиотикийн уусмал, тос, фермент, судас нарийсгах эм зэргээр утдаг.
2. Эсрэг заалт: Залгиур төвөнхийн сүрьеэ, хортой, хоргүй хавдрын үед хоолойг утахгүй.
3. Шаардлагатай зүйл: Хоолой утахад тусгай аппарат хэрэглэдэг бөгөөд утлагын аппарат байхгүй нөхцөлд данх, гүц, аяга зэрэг гарын доорхи зүйлийг ашиглаж болно.
4. Үйлдлийн технологи: Халуун усанд утах эмээ уусгаад данх, гүцний цоргоор, аяга мэтийн өргөн амсартай сав байвал түүнд цаасаар лүүз маягийн юм хийгээд амандаа зууж амаараа амьсгалан утна. Нэг удаагийн утлагыг 5-10 минут хийнэ. Утлаганд зориулалтын аппарат ашиглаагүй нөхцөлд толгойгоо битүүлээд, амаараа амьсгал авч хамраараа гарган утна.

No comments:

Post a Comment